Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Монгол өрх гэрийн амьдрал
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Монгол өрх гэрийн амьдрал
Өндөр настан М.Чогсомжавын дуртгалаас
Багад минь манайх Өвгөн уулын хярын Цалуу гэж ус ногоо нь тэгш ой мод, жимс ихтэй зусланд зусаад, намар нь нам доор газар уруу нүүдэг байлаа. Урьд орой нь ачааныхаа сарлаг, шарнуудыг зэллэн уяна. Ороо эрээн шарыг барина гэж бөөн юм болдогсон. Мориноос дутуугүй ороо үхэр байдаг байсан юм. Хашаагүй болохоор амаргүй. Ой модоо хайрлаад хашаа барьдаггүй байсан байх л даа.
Өглөө гэрээ ачаад, дөрийг хавчуулж тавиад, хонь үхрээ цуг тууна. Хүрдэтийн хэц даваагаар давж мод, уул хавчсан урт амаар уруудна. Шинэхэн сургасан гунанууд ачаагаа туйлан тонгочно унагана. Хүмүүс ха ха ха ха гээд их дуу нүргээн болж хад модонд цуурайтан олон төрлийн хөгжим мэт бөөн шуугиан үүснэ. Нөгөө амбан шарнууд нь ачаагаа эвгүйдүүлчих вий гэсэн байдалтай хөдөлж ядан гэлдрэн бэлд орно. Ингээд Айраг нуурынхаа хөвөөнд ус хужир тэгширсэн нутагт буучихаад байхад хамаг мал нүдэн дээр ил ярайгаад, хүн малд үүнээс илүү жаргал гэж байгаагүй байх аа. Сарлаг үхэр чинь бас янзын догшин зан авиртай, бусад малаасаа өөр шүү дээ. Зунд ус ширгэн дээр байх дуртай, бусад цагт уулын хяр царам хад асганд байхдаа дуртай, ууландаа сайн байдаг мал. Сартагтай гэгээн сарлагийг Алтайн уулнаас дүүгүүрийн чулуугаар дүүгүүрдэн айлгаж буулгаад гарын мал болгосон гэнэ лээ гэсэн домог манай нутагт ярилцдаг юм. Ер нь ч магадгүй байх. Сарлаг чулуугаар шидэх, ялангуяа дүүгүүрдвэл толгойгоо сэгсрээд сүүлээ шарваад зугатаадаг юм. Дээр үед хүрээний сангийн цэнхэр гэж том сарлаг бух байсан ажээ. Мангины хярд өвөлждөг, хаварт бөгсөн тал нь чоно шээсээр байгаад бор шарга болчихдог гэж ярьдаг юм. Бухыг засаалнаас өөр газраас нь чоно хазаж чаддаггүй. Иймд хэвтэж өөрийгөө хамгаалдаг юм гэж хөгшчүүл ярьдагсан. Мөн энэ үед ядуувтар хүмүүс бас л байсан. Нүүх болохоороо ачлага гуйж ирээд манайхаас ачлаганы шарнуудыг туугаад, янгарцаг (үхрийн модон эмээл), сур дээс зэргийг ганзагалаад явдаг, нүүчихээд буцааж авч ирээд янгарцагнуудыг нь давхарлаж боож тавиад их л баярласнаа илэрхийлдэг байсан. Аав минь ачлага гуйсан хүн бүгдэд үхэр, бусад хэрэглэлээ өгөөд явуулдаг байлаа. Энэ нь хүн хүндээ яаж тусалж энэрэнгүй ханддаг байсны нэг гэрч юм даа.

    Малаа төллүүлнэ. Эхний хургыг ууган хурга гэж хүндлэнэ. Хурга цөөн байхад нь араганд хөмрөнө, олширохоор нь баруун талдаа хөгнөнө, бүүр олширохоор тулгаа хэлтийлж зайчлаад 4-5 хөгөн татаж хөгнөнө. Өглөө бүх хургаа тэвэрч зөөж эхийг нь олж өгч хөхүүлнэ. Дараа нь дахиад бүгдийг нь тэвэрч зөөн оруулж хөгнөнө. Орой хонь хотлохоор энэ ажлаа дахиж давтан хийнэ. Шөнө гарсан хурга ишгээ тухай бүрт нь гарч, авч гэртээ оруулна. Мөн бас бодын төл хүлээн авах ажил зэрэгцэн энэ мэтээр таван хошуу малынхаа төлийг бойжуулж авна. Төлөө голсон эхийг уяруулж, ээнэгшүүлэх, мөн уриалан дуудах зэрэг сайхан ая дантай урлагийн нэг төрөл байдаг. Жишээ нь: хонийг тойголох, душгиргах, хоолбойлох, ямааг цээглэх, цүйцүүлэх, монгол үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, адууг гурийлах гүүргийлгэх, тэмээг тоорлох, дуулах зэрэг аргуудаар малаа дуудаж уриалж уяруулж харьцдаг.

    Хаварт хонь ямаагаа үдэлж саана. Энэ үедээ хөгнөө гадаа гарган үүнийгээ билэгтэй сайн өдөр, айл бүр хөгнүүдээ гэрээсээ авч ирээд нэг доор зэрэгцүүлэн зайг нь тохируулан сунгаж тавиад гадас шаах цэгүүддээ будаа өргөж “Алтан дэлхий тань руу шаагаагүй шүү, будаа руу шаасан шүү” гэж наминчлаад гадсаа эгнүүлээн шааж, хөгнөө татаж хурга ишгээ хөгнөнө. Сартай шөнө энэ хөгнөөтэй хурга ишиг нь шахсан бяслаг шиг дөрвөлжин цайгаад сонин байдагсан. Үдийн хонио саагаад хургаа тавин бэлчээж байгаад орой хурааж бүх хурга ишгээ зөөж хөгнөн энэ мэтээр ажил үргэлжилж байгаад хонио хоёр саах болдог. Хонийг хоёр саахдаа 2-3 хот айл ойр бууж 2 буюу гурвалжин саах тавьж, хургаа зөрүүлж хонь хониндоо нийлүүлж хариулаад орой саах зөрүүлэн нөгөө айлын хотонд хонио хурааж бүх хургаа барьж хөгнөнө. Эхний саах зөрүүлсэн хүнийг хүндэлж идээ цайгаар дайлдаг. Ингээд хонио буцааж хотондоо авчран саадаг, хонь ямаагаа хоблож саагаад холбоогоо хөвж, хөгнөсөн хургаа тавьж, хонио бэлчээж байгаад үдэш хурааж хургаа зөөж хөгнөнө. Өглөө хонио бэлчээсний дараа хөгнөөтэй хургаа тавьж саалтынхаа хонинд тууж нийлүүлнэ. Мөн өглөө оройны хонь саахын өмнө, хойно үнээгээ саана энэ мэтээр ажил үргэлжилдэг.

    Гүү барих, саах ажил нэмдэг бөгөөд сүүгээ хөөрүүлэх, өрөм, тараг, ааруул ээзгий хийх, айраг эсгэх, тогоо нэрэх (архи) гэх мэтээр малчин хүний ажил тасралтгүй зав чөлөөгүй үргэлжилдэг. Миний багад адуу манаатай байдаг байсан, ойролцоох айлууд адуугаа нийлүүлж нэг хүнээр мануулдаг, өдөрт нь ээлжээр нэг нь адуугаа харж байгаад орой хурааж зогсоогоод, унтахын үед манаач адуугаа гаргаад явна. Ингэхдээ унаж байсан бүх морьдоо тавиад явуулдаг, өглөө адуугаа хураагаад ирэхэд хазаар ногтоо барьж очоод уургын мориороо өдрийн унах морио барьж авдаг. Дараагийн ээлжийн айл адуугаа бэлчээрт гаргана энэ мэтээр хавар, намарт манаж, өвөлд оторт явна. Эдгээр арга ажиллагаа бол хөдөлмөрөө хоршиж хамтарч байсны жишээ. Хөдөлмөрөө хоршиж ажиллахын давуу чанарыг одоо л шинээр гаргаж өрнүүлж байгаа мэтээр ярьж байгааг би хувьдаа зөвшөөрдөггүй. Манай ард түмэн эрт дээр үеэс өнөөг хүртэл хамтын хөдөлмөрийн давуу чанарыг хэрэглэсээр, ажилласаар ирснийг үгүйсгэж болохгүй. “Олны хүч оломгүй далайтай ижил” гэсэн сургаал бий шүү дээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats